Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид нэгдэн орсон талуудын 2009 оны 15-р бага хурлаас дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэр эрчимтэй хөгжиж эхэлсэн (1750 –аад он) үеийнхээс 2 градусаас хэтрүүлэхгүй барих талаар улс орнууд нэгдсэн тохиролцоонд хүрсэн юм. Энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд дэлхийн агаарт ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээг одоо байгаа түвшингээс хэд дахин бууруулах шаардлагатай байна. Хүлэмжийн хий (ХХ)-н хэмжээг зорилтот түвшинд хүртэл бууруулахад одоо ашиглаж байгаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга зам, механизмууд нь хангалтгүй байгаа тул хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах өөр шинэ арга зам, механизмыг бий болгон ашиглахыг конвенцид нэгдсэн орнуудад хүлээн зөвшөөрсний дагуу Япон улс “Хамтарсан Кредит Олгох Механизм”-ыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Уг механизмын хүрээнд улс орнууд хамтран ажилласнаар Киотогийн протоколын Цэвэр хөгжлийн механизмын нэгэн адил хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж буй төсөл, арга хэмжээний үр дүнд хүлэмжийн хийн ялгаралтын бууралтын баталгаажсан хэмжээгээр кредит буюу урамшуулал олгох боломж бүрдэнэ.