Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт 2013 оны 1 сарын 8-ны өдөр гарын үсэг зурснаар хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдэн энэ чиглэлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.

Монгол улс одоогоор НҮБУАӨСК-ийн хүрээнд 2015 оны Парисийн хэлэлцээрт оруулах Монгол улсын хувь нэмрийн баримт бичигтээ тусгасан зорилтот арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нийт хүлэмжийн хийн ялгаралаа 2030 он гэхэд эдийн засгийн хөгжил өнөөгийн жишгээр явна гэж тооцсон үзүүлэлттэй харьцуулахад 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байсан бол 2019 оны 11 сард Засгийн газраар батлагдсан Үндэсний зорилтот хувь нэмрийн бичиг баримтанд зорилтоо ахиулан 22 хувьд хүргэн гэсэн зорилтыг тавиад байна. Хүлэмжийн хийг бууруулах дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт, технологи, чадавх шаардагдах бөгөөд Хамтарсан Кредит Олгох Механизм болон Уур амьсгалын ногоон сан зэрэг механизмуудыг санхүүжилтийн боломжит  эх үүсвэрүүдийн нэг гэж үзсэн байдаг. Тиймээс манай орны хувьд хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй механизмуудыг дэмжих,  чадавхийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.

Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх, эдгээр төсөл арга хэмжээний үр дүнд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит(үл худалдаалагдах кредит) болгон тооцоолж Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломж бүрдэнэ.