Монгол, Япон улсын Засгийн газрын хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн баримт бичгийг 2013 оны 1 сарын 8-ны өдөр байгуулсан. Уг түншлэлийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахад чиглэсэн улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Хамтарсан Кредит Олгох Механизм /ХКОМ/-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах болсон.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол улсад хийсэн айлчлалынхаа үеэр /2013 оны 3-р сарын 29-30/ Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааны суурийг тавих зорилготой “Эрч” санаачлага дэвшүүлсэн бөгөөд энэхүү санаачлагад ХКОМ-ыг хэрэгжүүлэх талаар “… хоёр улсын ХХ-н ялгаралыг дүйцүүлэн бууруулж кредит олгох шинэ механизмыг хэрэгжүүлэх талаар хоёр улсын Засгийн газрын Хамтарсан хорооны хурлыг 2013 оны 4-р сарын 11-ны өдөр зохион байгуулж, хэрэгжилттэй холбоо бүхий дүрэм, журам зэргийг бэлтгэн тодорхой ажил эхлүүлэх” –ээр заасан байна.

Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан VI зөвлөлдөх уулзалтын /2013 оны 5-р сарын 3/ үеэр Монгол улсын Эрчим хүчний яам, Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамд хооронд хамтран ажиллах тухай Монгол улсын Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд И.Сүгавара нарын гарын үсэг зурсан санамж бичигт “ХХ-г бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дэд бүтэц болон бүтээгдэхүүнийг бий болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хамтран ажиллах, ХХ-г бууруулах чиглэлээр мэдээлэл солилцох, Засгийн газар болон хувийн хэвшлийн хүрээнд бусад хамтын ажиллагааг явуулах”-аар тохиролцсон байна.