Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын гол зорилго нь:

  • Нүүрстөрөгч бага ялгаруулдаг байгальд ээлтэй технологи, бүтээгдэхүүн, тогтолцоо, үйлчилгээ, дэд бүтцийг бий болгох болон хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь хөгжиж байгаа улс орнуудад Япон улсын зүгээс техник технологи, хөрөнгө санхүүгийн тусламж үзүүлэх,
  • Хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх,
  • Хөгжиж буй улс орнуудад хэрэгжүүлж буй хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээний үр дүнд бий болсон хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах буюу шингээж буй бодит хэмжээг тоон утгаар тооцоолж баталгаажуулах, энэ хувь хэмжээг хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн, олон улсын гэрээ хэлэлцээгээр хүлэмжийн хийн ялгаралаа бууруулах үүрэг хүлээсэн хөгжилтэй оронд (тухайлбал Япон улс) энэ үүргээ биелүүлэхэд нь ашиглах,
  • Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах буюу шингээлтийг нэмэгдүүлэх замаар дэлхийн дулаарлыг сааруулахад чиглэсэн дэлхий дахины хүчин чармайлт болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (НҮБУАӨСК)-ийн эцсийн зорилгод (Агаар мандал дахь ХХ-н хэмжээг дэлхийн уур амьсгалын системд ноцтой өөрчлөлт оруулахааргүй түвшинд байлгаж тогтворжуулах) хүрэхэд хувь нэмэр оруулах явдал юм.

Манай орны хувьд ХКОМ-ыг хэрэгжүүлэх нь 2011 онд УИХ-аар батлагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн стратегийн 3-р зорилт болох “Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл хэрэглээний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралыг үе шаттайгаар бууруулж, нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засагт шилжих эхлэлийг тавих” ажлыг хэрэгжүүлэх, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 15-р бага хурлаас гаргасан Копенгагены тохиролцооны дагуу Монгол улсын өргөн мэдүүлсэн Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах зохистой арга хэмжээний /NAMA/ жагсаалтад орсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шууд чиглэгдэнэ.