АНУ-ын Ерөнхийлөгчийн Уур амьсгалын тусгай элч Жон Керригийн удирдан явуулсан сайд нарын дугуй ширээний цахим уулзалт 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд манай улсаас Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, НҮБУАӨСК-ын Үндэсний зохицуулагч Др.З. Батжаргал оролцсон бөгөөд түүний хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэмсэг ноён Жон Керри,

Эрхэм хүндэт сайд нар, Хүндэт оролцогчид оо.

Юуны түрүүнд миний бие Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс удахгүй болох Ерөнхийлөгч Байдены уур амьсгалын талаарх удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд болж буй энэхүү чухал үйл ажиллагааны зохион байгуулагч нарт талархлаа илэрхийлье. Тус дээд хэмжээний уулзалт нь дэлхийн томоохон эдийн засагтай улс орнуудын удирдагчдыг нэгтгэж, тэднийг Глазгод болох COP26 Талуудын бага хуралд дэлхийн дулаарлыг 1.5 цельсийн хэмд хязгаарлах зорилтыг биелүүлэхэд чиглэсэн бодитой санал дэвшүүлж хүрэлцэн ирэхэд чиглэсэн ажээ.

Үнэн хэрэгтээ энэхүү 1.5 хэмийн зорилтыг Монгол Улсыг оролцуулсан уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөмтгий улс орнуудын бүлгэмээс санаачилж Парис хотод болсон COP21 Талуудын бага хуралд өргөн барьсан байдаг. Иймд Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгчийн гаргаж буй санаачилгыг нэн таатайгаар хүлээн авч, хувь нэмрээ оруулахад хүчин чармайлт гаргах болно.

Монгол Улс нь Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ээ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шинэчилсэн зорилттойгоор боловсруулж, 2020 онд Улсын Их Хурлын баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “хүлэмжийн хийн ялгаралгүй” нөхцөлд хүрэхэд хөтлөх арга хэмжээнүүдийг тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газар ирэх жилүүдийн Үйл ажиллагааны хөтөлбөртөө COVID-19 цар тахлын дараа эргэн сэргэх тухай тусгай бүлгийг оруулсан бөгөөд үүнд байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгарч буй бэрхшээлүүдийг мөн оруулсан. Засгийн газар цар тахлын улмаас уур амьсгалын өөрчлөлт зэрэг улс орны эдийн засгийн хөгжил болон нийгмийн сайн сайхан байдалд урт хугацааны гүн гүнзгий нөлөөлөл үзүүлэх бусад бэрхшээлүүдэд тавих анхаарлаа сулруулж, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардагдах нөөц бололцоог багасгах ёсгүй гэдгийг тодотгож байна.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, салбар хоорондын илүү нягт хамтын ажиллагаа, түүнчлэн олон улсын олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны механизмуудын давуу талыг ашигласнаар байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах боломж нөхцөл бүрдэнэ гэж бид итгэж байна. Эдгээрийг Парисын хэлэлцээрт зүй зохистойгоор тусгасан бөгөөд Глазгод үргэлжлүүлэн хэлэлцэж нарийвчлан сайжруулна гэдэгт мөн итгэлтэй байна.

Баярлалаа.

Др.З.Батжаргал

Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч

НҮБУАӨСК-ын Үндэсний зохицуулагч