БОАЖЯ-аас Азийн Хөгжлийн Банктай хамтран “АЗИ-НОМХОН ДАЛАЙН ХҮРЭЭНД ХОЁР ТАЛЫН ХАМТАРСАН МЕХАНИЗМЫГ ДЭМЖИХ ХАМТАРСАН КРЕДИТ ОЛГОХ МЕХАНИЗМ” сэдвээр төр засаг, хувийн хэвшил,  ТББ, банк санхүүгийн байгууллагуудын 80 гаран төлөөллийг оролцуулан 2016 оны 8 сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт 2013 оны 1 сарын 8-ны өдөр гарын үсэг зурснаар хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдэн энэ чиглэлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.

Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх, эдгээр төсөл арга хэмжээний үр дүнд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит (үл худалдаалагдах кредит) болгон тооцоолж Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах оноосон үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломж бүрдэнэ.

Тус механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг эрчим хүч, үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдлын менежментийн салбар, эсвэл хүлэмжийн хийг шингээх боломжтой хөрс, бэлчээр, ой болон бусад холбогдох 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой. Монгол улсын хувьд ХКОМ-ын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийг ихээр бууруулах боломж байна.

Япон улс одоогоор энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 16 улстай байгуулаад байгаа бөгөөд Монгол улс уг түншлэлийг Япон улстай эхлүүлсэн анхны орон болсон.

ХКОМ-ыг манай улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 11 судалгааны төсөл хэрэгжиж үүнээс албан ёсоор ХКОМ-ын хүрээнд 2 төсөл бүртгэгдэж, 2 аргазүй батлагдаад байгаа ба 2016 оны 9 сард болох Монгол-Японы Хамтарсан хорооны 4-р хурлаар анхны бүртгэгдсэн 2 төслийн кредитийг олгох ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Монгол улсын БОАЖЯ нь ХКОМ-тай холбоотой чадавхийг бэхжүүлэх судалгаа, сургалт зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгчдийг олж дэмжих, идэвхижүүлэх чиглэлээр Японы Байгаль орчны яам түүнчлэн Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яам, эдгээр яамдын дэргэдэх Даян Дэлхийн Байгаль Орчны Стратеги Судлалын Хүрээлэн, Байгаль Орчны Гадаад Хамтын Ажиллагааны төв, Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан, Азийн Хөгжлийн Банк зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

БОАЖЯ-ны харьяа Байгаль Хамгаалах Сангийн дэргэдэх

Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж