Монгол улс Япон улсын засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хамтын ажиллагааг 2013 оны 01 дүгээр сард эхлүүлсэн.

Энэхүү түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Хамтарсан Кредит Олгох Механизм нь Монгол улсад байгальд ээлтэй, эрчим хүчний үр ашигтай дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлснээр Монгол улсын Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр баримталж буй бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг чухал механизм болно гэж бид үзэж байгаа.

ХКОМ-ыг манай улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 16 судалгааны төсөл хэрэгжиж 2015 онд албан ёсоор 2 төсөл бүртгэгдэн ялгарлын бууралтын кредитээ тооцуулан авсан ба 3 аргазүй батлагдаад байна.

2017 оны 5 сарын 26-ны өдөр ХКОМ-ын Монгол-Японы Хамтарсан хорооны шийдвэрээр дараах төслүүд болон Хөндлөнгийн Магадлагаа Нотолгоо хийх байгууллагыг албан ёсоор бүртгэж аваад байна. Эдгээр төслүүд нь ХКОМ-ын хүрээнд Монгол улсад хэрэгжиж албан ёсоор бүртгэгдсэн гурав болон дөрөв дэх төслүүд, ХМН хийх эрхээ авсан хоёр дах байгууллага болж байна.

  1. Дархан хотод хэрэгжүүлэх 10МВ-ийн нарны фото цахилгаан үүсгүүрт станцийн төсөл:

Улаанбаатар хотоос 230 км-ын зайд байрлах Дархан хотын 110кВт-ын цахилгааны дэд станцын дэргэд 36 га талбайд 10МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг барьж суурилуулан хүлэмжийн хийг бууруулан, үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлж байна. Төслийг Монгол улсын талаас Солар Повер Интэрнэйшнл ХХК, Япон улсын талаас Sharp корпораци хамтран хэрэгжүүлж байна. Цахилгаан станцад ашиглагдах нарны панел тус бүр нь дээд тал нь 310Ваттын хүчин чадалтай, модулын хувиргалтын үр ашиг нь 15,9%. Урьдчилсан тооцооллоор жилд нийт 14,746тонн CO2-ийг бууруулна.

  1. Улаанбаатар хотын ойролцоо 2.1МВт-ын нарны фото цахилгаан үүсгүүрт станцийн системийг суурилуулж цахилгаанаар хангах төсөл:

Энэхүү төслийн гол зорилго нь Япон улсын газар тариалангийн дэвшилтэт тэргүүлэх технологийг эзэмшин нэвтрүүлж, эх орондоо экологийн цэвэр орчинд тарьж ургуулсан эрүүл, аюулгүй хүнсний ногоо, гүзээлзгэнэ болон бусад жимс жимсгэнийг тариалангийн талбайгаас хэрэглэгчдэд шинэлэгээр нь шууд хүргэх борлуулах сүлжээг бий болгох юм.Төслийг Монгол улсын талаас Everyday farm LLC, Bridge LLC, Япон улсын талаас Farmdo Co.,Ltd хамтран хэрэгжүүлж байна. Урьдчилсан тооцоогоор жилд 2,707 тонн CO2-ийг бууруулна.

  1. Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд Хөндлөнгийн магадлагаа, нотлогоо хийх (Гуравдагч талын этгээд буюу TPE) байгууллага

Монгол улсад хэрэгжих ХКОМ-ын төслүүдэд магадлагаа, нотолгоо хийхийн тулд ХКОМ-ын хөндлөнгийн байгууллага болохоор 13 байгууллага бүртгүүлж, хамтарсан хорооноос томилгоо авсан байна. Стандартчилал хэмжилзүйн газартай дээрх болон бусад холбогдох стандартыг MNS стандарт болгох, итгэмжлэл өгөх чадавхийг бэхжүүлэх, магадлагаа, нотолгооны байгууллагын чадавхийг бэхжүүлэх олон төрлийн хамтын ажиллагааны дүнд 2 дах үндэсний байгууллага ISO14065 стандартын дагуу итгэмжлэлээ авсан бөгөөд Монгол улсын хувьд 2 дах ХКОМ-ын хөндлөнгийн магадлагаа нотолгоо хийх байгууллага болох эрхээ Нүүрстөрөгч Багатай Технологийн төв ТББ аваад байна.