Монгол-Япон хоёр улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч Багатай Хөгжлийн Түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад хэрэгжиж байгаа Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар мэдээлэл өгөх, хоёр талын бизнес эрхлэгч нарыг хооронд нь холбох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам (БОАЖЯ), Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын нарийн бичгийн газар, Япон улсын Байгаль Орчны яам болон харьяа байгууллагууд, Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) нар хамтран зохион байгууллаа.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц. Цэнгэл нээлтийн үгэндээ”2020 оноос мөрдөгдөж эхлэх Парисын хэлэлцээрын хэрэгжилтэд улс орон бүр хүчин чармайлт гарган байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, шинэ арга барил, инновацид суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих замаар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулахад үндэсний болоод олон улсын түнш байгууллагууд та бүхний идэвхитэй оролцоо, харилцан уялдаатай хүчин чармайлт, техникийн болоод санхүүгийн дэмжлэг туслалцаа нэн чухал үүрэгтэйг энд тэмдэглэхийг хүсч байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

2013 оноос хойш хэрэгжиж байгаа энэхүү механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж, бололцоо хувийн хэвшлийн байгууллагуудад байна.

Бид ХКОМ-ыг 2 чиглэлээр хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд Сэргээгдэх  эрчим хүчний төслүүд түлхүү хамрагдаж байсан бол, энэ жилийн арга хэмжээний  хувьд тус механизмын  санхүүжилтээр үндэсний үүрэг хүлээсэн хэрэглэгч томоохон  байгууллагуудад бага нүүрстөрөгч бүхий эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хулэмжийн хийг бууруулах төслийн чиглэл хүрээг өргөжүүлэх  болсоноороо онцлогтой байна” хэмээн ЭХЗХ-ны дарга Др.А. Тлейхан хэлсэн үгэндээ онцоллоо.

Хамтарсан механизмын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гол шалгуурын нэг нь заавал Япон талын хуулийн этгээдтэй хамтран оролцох шаардлагатай байдаг. Энэ тал дээр Монгол талын байгууллагуудад Япон талын хамтрагчаа олоход хүндрэл бэрхшээлтэй байна.

ХКОМ-ын хэрэгжилтийн онцлог нь тухайн төсөл хэрэгжиж дуусаад СО2, хүлэмжийн хийн ялгаралын хэмжээг бодитоор бууруулсан нь албан ёсоор батлагдсаны дараагаар тухайн төслийг ХКОМ-ын загвар төслөөр бүртгэн авдаг. Энэ журмын дагуу өнөөдрийн байдлаар 4 загвар төсөл, 1 үзүүлэх төсөл бүртгэгдэн хэрэгжиж хүлэмжийн хийн ялгаралын бууралт /CER/ буюу кредитээ тооцуулан аваад байна.

ХКОМ-ын хэрэгжүүлж байгаа 17 улсаас 6 улс нь хэрэгжүүлж байгаа 19 төсөлдөө нийт 22022 т/СО2 кредитийг тооцуулснаас Монгол улс дангаараа 18312 т/СО2 дүйцэх хэмжээний кредитийг тооцуулаад байна.

Тус механизмыг хэрэгжүүлж байгаа бусад улсуудтай харьцуулахад манай улсад цөөн тооны төсөл хэрэгжиж байгаа боловч бууруулсан СО2, хүлэмжийн хийн ялгаралын бууралтын хэмжээ болон дүйцүүлэн тооцуулсан кредитийн хэмжээгээр Монгол улс тэргүүлж байгаа. (нийт тооцсон кредитийн 80%)

ХКОМ-ын хэрэгжилтийг хангах, чадавхийг бэхжүүлэх, төсөл хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх зорилготойгоор энэхүү уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд Япон улсын талаас, Японы Байгаль Орчны Яам болон ХКОМ-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ажилладаг харьяа байгууллагуудын төлөөлөл болон, Японы бизнес эрхлэгч байгууллагууд болон Монгол улсын талаас  60 орчим аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 140 орчим төлөөллүүд оролцлоо.