Хэвлэлийн мэдээ

     2017.10.25

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт 2013 оны 1 сарын 8-ны өдөр гарын үсэг зурснаар хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдэн энэ чиглэлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.

Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх, эдгээр төсөл арга хэмжээний үр дүнд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит (үл худалдаалагдах кредит) болгон тооцоолж Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах оноосон үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломж бүрдэнэ.

Тус механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Монгол улсын хувьд ХКОМ-ын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийг ихээр бууруулах боломж гарч байна.

Япон улс одоогоор энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 17 улстай байгуулаад байгаа бөгөөд Монгол улс уг түншлэлийг Япон улстай эхлүүлсэн анхны орон юм.

ХКОМ-ыг манай улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 18 судалгааны төсөл хэрэгжиж үүнээс албан ёсоор ХКОМ-ын хүрээнд 4 төсөл бүртгэгдэж, 3 аргазүй, гуравдагч талын этгээд буюу Хөндлөнгийн магадлагаа , нотолгоо хийгч 2 байгууллага бүртгэгдэн зөвшөөрлөө аваад байна.

Цаашид ХКОМ-ын хүрээнд 2017-2018 оны санхүүгийн жилд 1 үзүүлэх төсөл, 4 загвар төслүүдийг хэрэгжүүлж байна.

2016 оны 9 дүгээр сард Монгол улс ХКОМ-ын хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдэд Хүлэмжийн хийн ялгарлын бууралт /CER/-ын анхны кредитээ тооцуулан авсан ба нийт 157 кредит тооцогдсон бол 2017 оны 10 дугаар сарын 24-д болсон Монгол-Японы хоёр талын Хамтарсан Хорооны гишүүдийн хурлаар Дархан хотод хэрэгжиж байгаа 10МВ-ийн нарны цахилгаан үүсгүүрт станцийн төсөлдөө 8947 кредитийг тооцуулан авлаа.

Улаанбаатар хотоос 230 км-ын зайд байрлах Дархан хотын 110кВт-ын цахилгааны дэд станцын дэргэд 36 га талбайд 10МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг барьж суурилуулан хүлэмжийн хийг бууруулан үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн цахилгаан дамжуулах сүлжээнд 2016 оны 12 сараас дамжуулан нийлүүлж эхэлсэн. Тус станцад  ашиглагдах нарны панел тус бүр нь дээд тал нь 310ваттын хүчин чадалтай, модулын хувиргалтын үр ашиг нь 15,9%. Урьдчилсан тооцооллоор жилд нийт 14,746тонн CO2-ийг бууруулна.

ХКОМ-ын Хамтарсан хорооны бүрэлдэхүүнд Япон улсын талаас Японы Байгаль орчин, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, Гадаад харилцааны яам, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам болон холбогдох бусад харьяа байгууллагуудын төлөөлөл, Монгол улсын талаас  БОАЖЯ, УУХҮЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ГХЯ, ЗТЯ, ЭХЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл орон ажиллаж байна. 

 

БОАЖЯ-ны харьяа Байгаль Хамгаалах Сангийн дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж

Хамтарсан Кредит Олгох Механизмын нарийн бичгийн газар