Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа өндөр хүчин чадлын нарны станцын барилга угсралтын ажлыг Тэнүүн Гэрэл Констракшн ХХК, Шарп Енержи Солюшнс Корпораци (Япон) болон Сермсанг Поуер Корпораци (Тайланд) нар хамтран гүйцэтгэж ашиглалтанд оруулан төвийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн нийлүүлэх үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ.

Тус нарны цахилгаан станц нь удахгүй ашиглалтанд орох шинэ нисэх онгоцны буудлаас баруун өмнө зүгт 5 км-ын зайд, төвийн цахилгаан дамжуулах сүлжээнээс 14 км-ын зайд байршдаг. Эрчим хүчний эх үүсгүүрээсээ хэрэглэгчид хол байх тусам эрчим хүчний алдагдал их байдаг бол шинэ нарны станц ашиглалтанд орсноор алдагдал багатай, үр ашигтай эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ.

“Хөшгийн хөндий 16.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрт станц” нь Монгол-Япон улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Хамтарсан Кредит Олгох Механизмын санхүүжилтээр хэрэгжиж байгаа 6 дах төсөл юм.

Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд Дархан хотод 10 МВт, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 12.7 МВт-ын нарны цахилгаан станцын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Нарны цахилгаан станцын үйл ажиллагаа жигдэрснээр жилд 18,438 т/СО2-ыг бууруулан, 23 сая КВт.цаг эрчим хүчийг үйлдвэрлэн эрчим хүчний системд нийлүүлэх бүрэн боломжтой.

Монгол улсын Засгийн газар 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 30%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс хангадаг болох, хүлэмжийн хийн ялгаралыг 2010 оны түвшнээс 14%-аар бууруулсан байхаар зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Энэхүү зорилтод “Тэнүүн Гэрэл Констракшн” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.