Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт 2013 оны 1 сарын 8-ны өдөр гарын үсэг зурснаар хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ) амжилттай хэрэгжиж байна.
Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх, эдгээр төсөл арга хэмжээний үр дүнд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит (үл худалдаалагдах кредит) болгон тооцоолж Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах оноосон үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломж бүрдэнэ.
Тус механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Монгол улсын хувьд ХКОМ-ын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийг ихээр бууруулах боломж гарч байна.
Япон улс одоогоор энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 17 улстай байгуулаад байгаа бөгөөд Монгол улс уг түншлэлийг Япон улстай эхлүүлсэн анхны орон юм.
ХКОМ-ыг манай улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш нилээн хэдэн судалгааны төслүүд хэрэгжсэн ба өнөөдрийн байдлаар СЭХ-ний 8 төсөл, эрчим хүчний хэмнэлтийн 3 төсөл хэрэгжээд явж байна.
2016 оны 9 дүгээр сард Монгол улс ХКОМ-ын хүрээнд хэрэгжүүлж буй эрчим хүчний хэмнэлтийн хоёр төсөлдөө Хүлэмжийн хийн ялгарлын бууралт /CER/-ын анхны кредитээ тооцуулан авсан ба нийт 157 кредит тооцогдсон бол 2017 онд Дархан хотод хэрэгжиж байгаа 10МВ-ийн нарны цахилгаан үүсгүүрт станцийн төсөлдөө 8947 кредитийг тооцуулсан.
2018 оны 11 сарын 6-нд болсон хоёр талын Хамтарсан хорооны гишүүдийн хурлаар 2016 оноос эхлэн хэрэгжиж байгаа газар тариалан, сэргээгдэх эрчим хүчний хосолсон төсөл болох МонНарангийн 12.7 МВт-ын нарны цахилгаан станцын төсөлд 8880 тонн СО2-той дүйцэх хэмжээний ялгаралын бууралтын кредитийг тооцсон ба 2016 онд кредитээ тооцуулсан Төв аймгийн Борнуур сум, Улаанбаатар хотын 118-р сургуулийн нам даралтын зуухны төслүүдийн сүүлийн 2 жилийн тайланд үндэслэн хоёр дах удаагийн кредитийг олголоо.
Өнөөдрийн байдлаар манай улсад 18310 тонн СО2-ын ялгаралын бууралттай дүйцэх хэмжээний кредит тооцогдсон байна.
ХКОМ-ын Хамтарсан хорооны бүрэлдэхүүнд Япон улсын талаас Японы Байгаль орчин, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, Гадаад харилцааны яам, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам болон холбогдох бусад харьяа байгууллагуудын төлөөлөл, Монгол улсын талаас БОАЖЯ, УУХҮЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ГХЯ, ЗТЯ, ЭХЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл орон ажиллаж байна.
БОАЖЯ-ны харьяа Байгаль Орчин, Уур Амсьгалын Сан
Хамтарсан Кредит Олгох Механизмын нарийн бичгийн газар