Монгол, Япон улсын Засгийн газрын хооронд 2013 оны 1 сарын 8-ны өдөр байгуулсан “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн баримт бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах хамтарсан кредит олгох механизмын /ХКОМ/ Хамтарсан Хорооны гуравдугаар хурал 2015 оны 6-р сарын 30-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү механизмыг хэрэгжүүлэх Хамтарсан хороонд Япон улсын талаас Худалдаа, Аж үйлдвэр, Эдийн засаг, Гадаад харилцаа, Байгаль орчны яамдууд болон холбогдох бусад харьяа байгууллагуудын төлөөллүүд, Монгол улсын талаас БОНХАЖЯ, ХХААЯ, ГХЯ, ЭХЯ, ЭЗХЯ, ЗТЯ, БХБЯ, НЗДТГ-аас тус тус төлөөлөгчдийг оруулан ажиллаж байна.

Энэ удаагийн хурлаар MN001 “Улаанбаатар хотын 118-р сургуульд өндөр үр ашигтай нам даралтын зуухыг суурилуулах төсөл”, MN002 “Төв аймгийн Борнуур сумын төвийн дулаан дамжуулах шугамыг өндөр үр ашигтай нам даралтын зуухаар солих” төслүүдийг амжилттай хэрэгжүүлж Монгол улсын анхны ХКОМ-ын төслөөр албан ёсоор бүртгэн баталлаа.

Мөн Японы талаас Япон дахь ХКОМ-ын бүртгэлийн системийн ерөнхий байдал, ХКОМ-ыг дэмжих схемийн хүрээнд Монголд хийгдэж байгаа ажлын одоогийн төлөв, явцын талаар хэлэлцэн гишүүдтэй санал бодлоо солилцлоо.

Монгол-Япон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд Япон улсын хөрөнгө оруулалтыг татах, өндөр үр ашигтай технологийг Монгол улсад нэвтрүүлэх боломжийг цаашид илүү өргөжүүлж, олон төрлийн арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

ХКОМ-ын хурлын шийдвэр болон бүртгэгдсэн төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

БОНХАЖЯ, Байгаль хамгаалах сан, ХКОМ-ын нарийн бичгийн дарга нарын газар