Монгол – Япон улс 2013 оны 1 дүгээр сарын эхээр Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Уг түншлэлийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулахад Япон улсын хөрөнгө оруулалтыг татах, өндөр үр ашигтай технологийг нэвтрүүлэх боломжийг Монгол улсад бий болгож байгаа юм.

Түншлэлийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авахын тулд Кредит Олгох Механизмын зарчмыг ашиглан байгуулах юм. Уг механизмыг хэрэгжүүлэхийн тулд Хамтарсан Хорооны анхдугаар хурлыг 2013 оны 4-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Уг хамтарсан хороонд Япон улсын талаас Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчны яам, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс,  Монгол улсын талаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам зэрэг  холбогдох яамдын албаны хүмүүс мөн Нийслэлийн агаарын чанарын алба, Цэвэр агаарын сан зэрэг байгууллагуудын  төлөөлөл оролцдог.

Энэ удаад Хамтарсан Кредит Олгох Механизмын Хамтарсан Хорооны хоёрдугаар хуралдаан БОНХЯ дээр өнөөдөр болж Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд хэрэгжиж буй хүлэмжийн хийг бууруулах төслүүдийн үйл явц болон 2014 онд хийх ажлын чиглэл, бусад холбогдох асуудлуудыг хэлэлцэж байна.

Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд 2013 оноос Монгол улсын эрчим хүч, үйлдвэрийн салбарт хэд хэдэн төсөл, арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал, эрчим хүчний алдагдалгүй дамжуулах шинэ шугам тавих, Улаанбаатар болон Төв аймгийн Борнуур суманд хуучирсан халаалтын зуухуудыг солих болон нар, салхины эрчим хүчний шинэ станцууд барих ажлын урьдчилсан судалгаа хийж байна.

Монгол – Японы энэ хамтын ажиллагааг 2014 онд илүү өргөжүүлж, олон төрөл, арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Хурлын тайланг эндээс үзнэ үү.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам

Уур Амьсгалын Өөрчлөлтийн Алба